Мэндчилгээ
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулийн дагуу бүрдсэнээс хойших жилийн ажлын тайлангаа та бүхэнд өргөн барьж байна.
Өнгөрч буй хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахлын дэгдэлтийн улмаас улс, орон даяар бүх нийтийн бэлэн байдалд шилжиж, хурал цуглаан олон нийтийг хамарсан арга хэмжээг хориглосон учраас бид бүхэн Хурлын болон Тэргүүлэгчдийн хуралдааны дэгэндээ өөрчлөлт оруулж, цахим хуралдааны журам дэгийг баталж, хуралдаануудыг цахимаар зохион байгуулж, цахимаар ажиллаж, тулгамдсан асуудлуудаа цаг хугацаанд нь шийдвэрлэж ирлээ.
Цар тахлын хүндрэлтэй, эдийн засаг агшсан энэ цаг үед Эрүүл мэндийн салбарын үйлчилгээний чанар, хүртээмжийн асуудалд онцгой анхаарч, хөрөнгө оруулалтуудыг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэн Аймгийн ИТХ-ын ээлжит гуравдугаар хуралдаанаараа 2021 оны хөгжлийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж, Ковидын үед нэн шаардлагатай эм тариа, багаж хэрэгслэлийг нөөцлөх, тоног төхөөрөмжөөр хангах арга хэмжээнд 500 сая, Нэгдсэн эмнэлгийг шаардлагатай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, автомашинаар хангах арга хэмжээнд 270 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг тус тус шийдвэрлэж өгсөн.
Аймгийн ИТХ, Засаг даргын хамтын бодлого шийдвэр, зохион байгуулалттай арга хэмжээний үр дүнд 2021 онд аймгийн боловсролын салбарт боломжийн хирээр хөрөнгө оруулалтууд хийгдэж, улсын төсвийн хөрөнгөөр Баянхонгор сумын ЕБС-ийн “Номгон” ахлах сургуулийн хичээлийн байрны 440 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилга ашиглалтад орж 800 гаруй хүүхдийн сурах орчин бүрдэж, сургуулийн ээлжийн коэффициент 0,3 -аар буурч сурагчдын суралцах, багш нарын ажиллах таатай нөхцөл бүрдлээ. Шинэ суурьшлын бүсийн 640 хүүхдийн суудалтай хичээлийн барилгыг улсын комисс хүлээн авч үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.
Мөн Баян-Овоо сумын цэцэрлэгийн барилга ашиглалтад орж, Заг, Баянцагаан, Гурванбулаг сум, Шаргалжуут тосгоны сургуулийн хичээлийн байрны барилга, Баянбулаг, Богд сумын сургуулийн дотуур байрны барилгын ажлуудыг үндсэнд нь дуусгалаа.
Аймгийн ИТХ-аас аймгийн эдийн засгийг сэргээн хөгжүүлж, тогтвортой хөгжлийг бий болгох зорилтын хүрээнд “Баялаг бүтээгчБаянхонгор” хөтөлбөрийг боловсруулж, хэлэлцэн баталлаа.
Аймгийн хэмжээнд 2019- 2020 онд тохиолдсон байгалийн хүндрэл бэрхшээл ган зуд, дэлхий нийтээр тархсан аюулт цар тахал “Ковид-19” өвчний уршгаар аймгийн нийгэм, эдийн засагт учирсан хохирлыг богино хугацаанд даван туулж, аймгийн эдийн засгийн тогтвортой хөгжлийг бий болгоход “Баялаг бүтээгч- Баянхонгор” хөтөлбөр үр дүнгээ өгнө гэдэгт хурлын дарга миний бие бүрэн итгэж байна.
2022 он манай аймгийн ИТХ-ын хувьд чухал онцгой жил байх болно. НӨУБ-ын эрх зүйн үндэс болох Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай шинэчлэн найруулсан хууль хэрэгжиж эхэлнэ.
Энэ хууль нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тогтолцоог боловсронгуй болгож, төвлөрлийг сааруулж, нутгийн захиргааг бэхжүүлж, нутгийн өөрөө удирдах байгууллагын төсөв, санхүү, татвар, өмчийн эрх мэдлийг өргөжүүлж, хот, тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтоож, тэдгээрт засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын зарим эрх хэмжээг шилжүүлэх асуудлыг шийдвэрлэж өгснөөрөө онцлоготой юм.
Аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэн баталсан 2022 оны төсөв нь аймгийнхаа иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад чиглэгдсэнээрээ онцлого төсөв болсон. Барилга байгууламж гэхээс илүү иргэдийн нийгмийн байдал, амьдрах нөхцөл, орлогыг сайжруулах, дэд бүтцийн асуудлыг шийдэх, утаа, нүхэн жорлон, хөрсний бохирдлоос салах, иргэдийг ажилтай, орлоготой болгох, хөдөө аж ахуй, тэр дундаа газар тариалангийн салбартаа анхаарахад аймгийн төсвийн гол бодлого чиглэгдсэн.
2022 онд Хонгорчууд та бид Баянхонгор аймаг үүсэн байгуулагдсаны 80 жилийн ой, Ардын хувьсгалын 100 жил, Нутгийн Өөрөө Удирдах Байгууллага үүсэн хөгжсөний 30 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэнэ. Аймгийн ИТХ нь хууль дээдлэх, иргэд, олон нийт, орон нутгийн нийтлэг эрх ашиг, эв нэгдлийг эрхэмлэх, ардчилал, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлыг хангах, аливаа асуудлыг олон ургальч үзлийн үндсэн дээр чөлөөтэй хэлэлцэх, цөөнхийн саналыг хүндэтгэн сонсож, асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэх үндсэн зарчмыг баримтлан орон нутагт тулгамдаж байгаа олон асуудлыг цогцоор нь шийдвэрлэж ажиллах болно.
ИТХ-ын дарга Э.Энхбат